Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар хоёр сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 130 мянга гаруй хүн нас баржээ.
Өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэн халдварын улмаас амны хаалт, бээлий, халаат зэрэг хамгаалалтын хувцасны эрэлт огцом нэмэгдсэн юм. Тэгвэл Их Британийн “Burberry” брэнд нийлүүлэлтийн сүлжээнийхээ зарим хэсэгт амны хаалт үйлдвэрлэж байгаа бөгөөд Их Британийн Эрүүл мэндийн үндэсний газарт мэс заслын 100 мянган амны хаалтыг ойрын хугацаанд нийлүүлэхээр ажиллаж байгаа аж. Дэлхий дахинд загварлаг хүрмүүдээрээ нэрд гарсан тус брэнд Каслфорд хот дахь хүрмийн үйлдвэртээ хамгаалалтын хувцас, амны хаалт үйлдвэрлэж байна.
Францын хувцас загварын өөр нэгэн томоохон компани болох “Chanel” мөн амны хаалт үйлдвэрлэж байгаа ажээ. Мөн халдвар хамгийн их тархсан орнуудын нэг болох Италийн “Prada” брэнд эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах үйлсэд зориулан амны хаалт үйлдвэрлэж байгаагаа өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн билээ.