Өмнө нь зөвхөн 7 бүсэд онц байдал зарлаад байсан Япон улс коронавирусийн нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан онц байдлыг орон даяар болгон өөрчиллөө. Японы нийт нутаг дэвсгэрийг хамрах онц байдал 5 дугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм.
Энэ хугацаанд иргэдийг аль болох гэртээ байж, шаардлагагүй тохиолдолд гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.
Японы онц байдлын үеэр зарим орнуудын авч хэрэгжүүлж байгаа шиг хатуу ял, шийтгэлтэй чанга дэглэм үйлчлэхгүй юм байна.
Японд коронавирусээр халдварлагсдын тоо нэмэгдсээр байгаа нь Шинзо Абэгийн засгийн газрын нэр хүндийг унагаж байгаа юм байна. Нэгэн санал асуулгад оролцогчдын 75 хувь нь Токио хотод хэтэрхий оройтож онц байдлыг зарласан гэж үзсэн байна.
Өмнөд Солонгост оношлуурыг иргэдэд өргөн хэмжээгээр ашиглаж цар тахлыг хяналтдаа авч чадсан бол Япон улс эсрэгээрээ оношлуурыг өргөн хэмжээнд ашиглах нь нөөцийг хий дэмий үрсэн хэрэг болно хэмээн үзэж байгаа юм байна.
4 дүгээр сарын 8-нд Японд хэсэгчилсэн онц байдал зарлах үед халдварын нийт 3906 тохиолдол бүртгэгдэж, 80 хүн цар тахлаар амиа алдаад байсан бол өнөөдөр халдвар авсан хүний тоо 8582 болж, нас барсан хүний тоо 136 болж нэмэгдсэн байна.
Осакагийн захирагч борооны цуваа эмнэлгийн ажилчдад хандивлахыг иргэддээ уриалсан байна. Эмнэлэгт хамгаалалтын хэрэглэл хангалтгүй байгаа учир эмнэлгийн ажилчид зарим тохиолдолд хогны том уутыг хамгаалалтын хэрэглэл болгон ашиглаж байгаа юм байна.