2019 оны 4-р сарын 15-ны орой Францын хамгийн алдартай уран барилгын дурсгалуудын нэг болох дундад зууны үеийн "Нотр-Дам" буюу Эх дагинын сүмд гал түймэр дэгдэж, гал сөнөөгчид хэдэн цагийн турш шаргуу ажилласны дүнд бүрэн унтрааж байсан билээ. Парис хотноо байрладаг 850 жилийн настай готик хэв маягийн байгууламжийн орой болон дээврийн хэсэг сүйдсэн хэдий ч гол барилга, хоёр цамхагийг галаас хамгаалж чадсан байна. Ерөнхийлөгч Эммануэль Макрон дээрх явдлыг "асар эмгэнэлт явдал" хэмээн тэмдэглэжээ.
Тэгвэл золоор түймэрт өртөлгүй үлдсэн өмнөх цамхгийнх нь Эммануэль хонх бүрэн бүтэн байгаа юм. 1683 онд цутгасан 13 тонн жинтэй Эммануэль хонх нь тус сүмийн хамгийн том хүрэл хонх бөгөөд нэрийг нь 14-р Луйс хаан өгч байжээ.
Эммануэль хонхыг том хэмжээний баяр наадам, түүхэн үйл явдлын үеэр дуугаргадаг байна. Тухайлбал, дэлхийн 1, 2-р дайн дуусах ялалтын цаг мөчид дуугаргаж байснаас гадна 2019 оны 9 дүгээр сарын 30-нд Францын Ерөнхийлөгч агсан Жак Ширакийн оршуулгын ёслолын үеэр хонхыг дуугаргаж байжээ.
Тэгвэл Эх дагинын сүм харамсалтайгаар шатсаны нэг жилийн дараа буюу орон нутгийн цагаар 4-р сарын 15-ны өдрийн 20 цагт тус сүмийн урд цамхагт байрлах Эммануэль хонхыг 5 минутын турш дуугарган, гал түймрийн гамшгийн нэг жилийн ойг дурсчээ. Энэ нь Эх дагинын сүмийн цар тахлын онцгой цаг үе дэх цорын ганц дурсгалын арга хэмжээ болсон байна.