Бразил дахь Аврагч христийн хөшөө нь орон орны жуулчдын хамгийн ихээр зорьж очих дуртай газрын нэг юм. 38 м өндөр ба Corcovado хэмээх уулын орой дээр байрладаг уг газраас Rio de Janeiro хотыг бүхлээр нь харах боломжтой. Хөшөөний загварыг Бразилын Heitor da Silva Costa гаргаж,1926 онд Францын барималч Paul Landowski хийсэн бөгөөд энэ нь дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудын нэг юм. Хөшөөг бүтэн таван жилийн турш барьж 1931 оны 10-р сарын 12-нд албан ёсоор нээсэн ба 1000 тонн жинтэй юм.
Бразилийн ард түмний халуун сэтгэлээр боссон энэхүү хөшөө коронавирусийн цар тахлын энэ үед хүмүүст итгэл, хайр бэлэглэхээр эмчийн цагаан халад өмслөө. Тодруулбал улаан өндөгний баярыг тохиолдуулан гэрлийн шоугаар уг хөшөөнд эмчийн халат өмсгөжээ. Үүгээрээ коронавирустэй тэмцэж байгаа эмч мэргэжилтнүүдтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хөшөөн дээр “Баярлалаа” гэдэг үг дэлхийн олон хэлээр ээлж дараалан гаргаж байв.
Мөн халат, маск өмссөн эмнэлгийн ажилтнуудын зургийг үзүүлж, “Fique Em Casa” буюу “Гэртээ бай” гэсэн үгийг хөшөөний гаран дээр бичжээ.
Үүнээс гадна хөшөөг коронавирусийн халдварт хамгийн ихээр өртсөн АНУ, Испани, Итали, Хятад, Бразилийн үндэсний далбааны өнгөөр гэрэлтүүлсэн байна.