Коронавирусийн цар тахлын улмаас хөл хорио тогтоосон манай хойд хөршид сурагчдын хичээлийг цахим хэлбэрээр явуулж байгаа юм.
Гэвч үл бүтэх этгээдүүд цахим хичээлд санаатайгаар саад хийж хакердсан хэрэг нэг биш удаа гараад байна. Тодруулбал Саратов хотын 95 дугаар дунд сургуулийн нэгэн 9 дүгээр ангийн сурагчдын цахим хичээлийн дундуур гэнэт садар самуунтай бичлэг гарч ирсэн байна.
Zoom-ийн видео хурлын сүлжээг ашиглан сурагчдад цахим хичээл явуулж байх үед энэ хэрэг гарсан юм байна. Насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилсан энэ хэрэг орос хэл, уран зохиол, математикийн хичээлүүдийн дундуур хэд хэдэн удаа давтагдсан байна.
Ёс бус бичлэгийг ангийн сурагчдын хэн нэг нь тавьсан уу эсвэл хакерын халдлагад өртсөн эсэхийг нь тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа юм байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Zoom-ийг сургуулиудын алсын зайн сургалтад ашиглахыг Оросын зарим хотууд хориглоод байна.
Коронавирусийн тархалтаас болж дэлхий даяар олон сая иргэн Zoom видео холболтын сүлжээг ашиглан гэрээсээ ажиллаж байгаа юм. Зөвхөн өнгөрсөн 3 дугаар сард Zoom-ийн хэрэглээ 20 дахин нэмэгдэж, 200 сая орчим хүн ашиглах болсон байна.
Хэдийгээр Zoom нь ашиглахад хялбар дүрс, дуу тасрахгүйгээр нэг дор олон арван хүн холбогдох боломжтой ч хакеруудын халдлагад ихээр өртдөг байна.
Албан байгууллагуудын видео уулзалтын үеэр гадны хүн урилгагүйгээр нэвтрэх, ёс бус бичлэг цацах, нууцын зэрэглэлтэй мэдээллийг хакердах зэрэг хэргүүд сүүлийн үед дэлхийн хэмжээнд ихэссэн байна.
Эх сурвалж: kommersant.ru