Нигерийн цагдаа, хүчнийхэн коронавирусийн хорио цээрийн дэглэмийг иргэдэд мөрдүүлэх ажиллагааныхаа үеэр 18 хүний аминд хүрснийг хүний эрхийг хамгаалагчид хурцаар шүүмжилж байна.
Хүний эрхийн комиссийн нарийн бичгийн дарга Тони Ожуквугийн танилцуулснаар, Нигер улсын 24 мужид цэрэг хүчнийхний зүгээс хүний эрхийг зөрчсөн гэх 105 гаруй гомдол ирсэн байна.
Нигерийн хүчнийхэн эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж иргэдэд хэрцгий хандаж, хууль бусаар баривчилж, эд хөрөнгийг нь хураан авч байгааг тайланд дурджээ.
Хөл хориог сахиулах дэглэмийн дор коронавирусээс илүүтэйгээр хүчнийхэн өөрсдөө иргэдийнхээ аминд хүрч байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм.
18 хүний аминд хүрсэн хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажлыг явуулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан албан тушаалтнуудад хариуцлага тооцох юм байна.
200 гаруй сая хүн амтай Нигер улсад коронавирусийн цар тахалтай холбогдуулан 3 дугаар сарын 29-нд 14 хоногийн хөл хорио тогтоосон юм. Гэвч халдварын нөхцөл байдал намжаагүй тул тус улсын Ерөнхийлөгч Мохаммаду Бухари 4 –р сарын 13-нд хорио цээрийн дэглэмийг дахин 2 долоо хоногоор сунгасан юм. Тус улсад халдварын 373 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барсан байна.
Эх сурвалж: Jakarta post