Дэлхий нийтээрээ коронавирустэй тэмцэн гэрээсээ гарахгүй байгаа энэ цаг үед дэлхийн алдартнууд эв нэгдлээ илэрхийлж хамтарсан томоохон тоглолтоо энэ амралтын өдрүүдэд шууд дамжуулан толилуулах гэж байна.
“Нэг Дэлхий, Гэртээ Хамтдаа” тоглолтыг нэрт дуучин Леди Гага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон “Global Citizen” хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Цар тахалтай нүүр тулан нойр, хоолгүй тэмцэж байгаа эмнэлгийн ажилтнуудыг дэмжих зорилготой энэ тоглолтод дэлхийн 100 гаруй алдартнууд оролцоно.
8 цагийн турш үргэлжилхээр төлөвлөж байгаа дэлхийн хэмжээний энэ тоглолтод Элтон Жон, Пол Маккартни, Стив Вондер, Лиззо, Крис Мартин, Тэйлор Свифт, Роллинг Стоунс, Билли Айлиш, Женнифер Лопез, Майкл Бубле, Опра Уйнфри зэрэг томоохон алдартнууд оролцох юм байна.
2 хэсгээс бүрдэх тоглолт Гринвичийн цагаар бямба гарагийн 18:00-00:00 цагийн хооронд нэгдүгээр хэсэг нь, 00:00-02:00 цагийн хооронд 2 дугаар хэсэг нь явагдах юм байна. Манай Монгол улсын хувьд Гринвичийн цагаас 8 цагаар түрүүлдэг юм.
“Нэг Дэлхий,Гэртээ Хамтдаа” тоглолт АНУ-д нийт орон даяар болон Их Британид “BBC One” сувгаар мөн youtube болон фэйсбүүк, инстаграм, твиттер гэх зэрэг бусад сошиал медиагийн платформоор шууд дамжуулагдан дэлхийн үзэгчдэд хүрэх юм.
“Нэг Дэлхий” тоглолт нь хандив цуглуулах зорилготой биш харин цар тахлын эсрэг тэмцэлд хүн төрөлхтөний эв санааны нэгдлийг харуулахад чиглэсэн гэдгийг нэрт дуучин маань онцолж байгаа юм. Тиймээс түрийвчээ далд хийж зөвхөн аз жаргалыг мэдрэн, баяр хөөрөөр дүүрэн тоглолтоо үзэхийг Лэди Гага уриалжээ.
“Global Citizen” хөдөлгөөнтэй хамтран энэ сарын эхээр 35 сая ам.долларын хандив цуглуулж чадсан нэрт дуучин Леди Гага цугларсан мөнгөөрөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай хамгаалалтын хэрэглэл, тоног төхөөрөмж, халдварыг эмчлэх эм, вакцин гаргаж авах ажилд зарцуулж байгаа юм байна.