Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээллээр АНУ-д коронавирусийн халдварын нийт 665,330 тохиолдол бүртгэгдэж, 30,384 хүн амиа алдаад байгаа юм. Зөвхөн сүүлийн 24 цагийн хyгацаанд халдварын 32,549 тохиолдол шинээр бүртгэгджээ.
Тус улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгааг үл тоомсорлон иргэд нь хорио цээрийн дэглэмийг цуцлахыг шаардан гудамж талбайд гаран жагсаал хийж байна. Энгийн амьдралд нь эргүүлэн оруулахыг шаардсан жагсаал АНУ-ын олон мужид өрнөж байна.
Коронавирусийн хөл хорионоос болж эдийн засаг нь ихээр хямарч, 22 сая хүн ажилгүй болж, иргэдийн амьдрал доройтож байгааг жагсагчид хэлж байгаа юм. Тиймээс ажилдаа буцан орохыг хүсч байгаа иргэд Кентукки, Мэрилэнд, Мичиган, Охайо, Техас, Висконсин мужуудад жагсаал хийлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо тогтоосон хөл хориог аажмаар сулруулж, үйлдвэр үйлчилгээ, албан байгууллагуудын үйл ажиллагааг шат дараалалтайгаар сэргээхээ мэдэгдээд байгаа юм. Гэвч хөл хориог эрт цуцлах нь цар тахлын дэгдэлтийг нэмэгдүүлэх өндөр эрсдэлтэйг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байгаа юм.
Эх сурвалж:Fox news