Цаг үеийн мэдээ

Туркийн иргэн 107 настай Хавахан Карадениз коронавирусийн халдвар аваад эдгэрсэн дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодроод байна.

Тэрээр энэ сарын 7-ны өдөр хүчтэй ханиалгаж, өндөр халуурсан зовиуртайгаар  Истанбул хотын эмнэлэгт хэвтсэн байна. Түүнээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан байна. Өндөр настай хэдий ч аймшигт цар тахлыг амжилттай даван туулсан гайхамшигтай явдлыг нь эмч нар дархлааны систем нь сайн байсантай холбон тайлбарлаж байна. 10 хүрэхгүй хоноод эмнэлгээс гарсан тэрээр одоо гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах хөл хорионд байгаа юм.

Хавахан Караденизийн хувьд 107 настай ч ухаан санаа нь саруул, ой санамж нь сайн хэвээр юм байна. Амьдралынхаа туршид нэг ч удаа хагалгаанд орж үзээгүй тэрээр хооллолтондоо ихээр анхаардаг гэнэ. Тэрээр өглөөний цайндаа цөцгийн тос, зөөхий, зөгийн бал, сүүг тогтмол хэрэглэдэг гэнэ. Мөн дуртай турк кофегаа өдөр бүр заавал чанаж уудаг юм байна. Мөн өндөр настан маань чихэрлэг зүйлс болон жимсэнд их дуртай юм байна. 1982 онд хайрт ханиа алдсан тэрээр 4 хүүхэд 11 ач зээ, 15 ачанцар зээнцэртэй өнөр өтгөн гэр бүлтэй юм байна.

Дашрамд сонирхуулахад Их Британид коронавирусийн халдвар авсан 106 настай Конни Титчен хэмээх эмэгтэй өнгөрсөн 7 хоногт эдгэрч эмнэлгээс гарсан тохиолдол бас байгаа юм.

Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа