Цаг үеийн мэдээ

Бангладешийн иргэд коронавирусийн хөл хориог үл тоомсорлон исламын намын тэргүүн, улс төрийн нэрт зүтгэлтэн Маулан Зубайер Ахмад Ансаригийн оршуулгад оролцохоор олон мянгаараа цугларсан байна. Сарайл хотод болсон оршуулгын ёслолд амны хаалт зүүгээгүй 100 мянга гаруй хүн оролцсон байна.

Коронавирусийн дэгдэлтээс болгоомжилж цугларсан иргэдийг хоорондоо нэг метрээс доошгүй зайтай байхыг холбогдох албаныхан чанга яригчаар анхааруулж байсан ч шүтлэгтнүүдийн цуваа нэмэгдсээр сүүлдээ байдал хяналтаас гарсан байна.

Шашны тэргүүнээ эцсийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэх нь шүтлэгтнүүдийн хувьд маш чухалд тооцогдож байгаа юм байна. Тиймээс ч цар тахлын халдвараас үл айн ийнхүү олон мянгаараа цугларсан байна.

Бангладеш улс 3 дугаар сарын 26-нд улс орон даяар хөл хорио тогтоож, сүм хийдэд нэг доор 5-аас дээш хүн цугларч, мөргөл үйлдэхийг хориглосон юм. 160 сая гаруй хүн амтай тус улсад коронавирусийн халдварын нийт 2456 тохиолдол бүртгэгдэж, 91 хүн нас бараад байна.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа