Уханий төв эмнэлгийн коронавирусийн халдвар авсан эмч нарын биед хачирхалтай өөрчлөлт гарч эхэлсэн байна. Одоогоор тус эмнэлгийн 2 эмчийн биед гормоны өөрчлөлт бий болж, биеийнх нь бүх арьс өнгөт арьстан шиг харласан байна.
Ю Фан болон Ху Вейфенг нар энэ оны 1 дүгээр сард Уханий төв эмнэлэгт коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байхдаа өөрсдөө халдвар авсан юм байна. Тэд маш хүндээр өвдөж амьсгалын дутагдалд орсон тул уушгийг орлох хүчилтөрөгчийн аппарат залгуулж байжээ.
Эмч нарын биеийн арьс харласан нь гормоны тэнцвэр алдагдаж, элгэнд нь өөрчлөлт орсонтой холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм байна. Коронавирус уушгинаас гадна элэг, зүрхийг өвчлүүлдэг болохыг эмч нар тогтоогоод байгаа юм.
2 эмчийн элэгний үйл ажиллагаа бүрэн сэргэж, эдгэсний дараа арьсны өнгө нь буцаад хэвийн байдалдаа орно гэдэгт эмч нар найдаж байгаа юм байна.
Дэлхий дахинд коронавирусийн шинж тэмдэг өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байна. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн хөл, гар дээр салхин цэцэг шиг улаан, ягаан толбо гарах шинж тэмдэг шинээр илрэх болсныг ДЭМБ мэдээлсэн юм.
Эх сурвалж: Fr24news