БНАСАУ-ыг үндэслэгч өвөөгийнхөө мэндэлсний түүхэн ойн баярт оролцоогүй Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны хаана байгаа нь олон улсын тавцанд томоохон асуулт болоод байгаа билээ. Зүрхний хагалгаанд орж биеийн байдал нь маш хүнд байгаа гэсэн цуу яриа дэгдсэнтэй холбогдуулан Умард Солонгост төрийн эрх солигдох гэж байж болзошгүй гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлж эхлээд байна.
Хэрэв Ким Чен Унийг таалал төгсвөл түүний залгамжлагч нь хэн байх вэ гэсэн асуултыг олон улсын тавцанд хэлэлцэж, өндөр магадлалтай залгамжлагчаар нь түүний хамгийн бага эмэгтэй дүү Ким Ё Жоныг нэрлээд байна.
Ким Ё Жоны хувьд энэ жил 31 настай бөгөөд тэрээр улсынхаа Хөдөлмөрийн Намын Төв Хорооны 1 дүгээр орлогч даргын албан тушаалыг хашдаг юм. Тэрээр ах Ким Чен Унтайгаа хамт Швейцарт сурч байсан байна. Тэрээр одоо ахынхаа хамгийн итгэлт хүн, улсынхаа хамгийн нэр нөлөөтэй 2 дахь хүнээр нэрлэгддэг юм.
Тэрээр эцэг Ким Чен Ирийнхээ оршуулгын ёслолоор олон улсад анх удаа танигдаж байсан билээ. 2018 оны Пёнчаны өвлийн олимпийн нээлтэнд оролцож байсан тэрээр Солонгосын дайнаас хойш эрх баригч Кимийн гэр бүлийн гишүүдээс Өмнөд Солонгост очсон анхны хүн болсон юм. Дараагийн өдөр нь Ким Ё Жон Умард Солонгосын удирдагчийн илгээсэн тусгай төлөөлөгчийн хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж байсан юм.
Мөн тэрээр 2018, 2019 онуудад “Умард Солонгос-АНУ”-ын хооронд болсон дээд хэмжээний уулзалтад ахыгаа дагалдан оролцож байсан юм.
Олон улсын хэвлэлээр ийнхүү Умард Солонгосын Удирдагч Ким Чен Уныг хүндээр өвдсөн талаар шуугиж, цаашлаад түүний залгамжлагчийн талаар таамаг дэвшүүлж байгаа энэ үед Өмнөд Солонгос улс эрс няцаасан байр суурьтай байгаа юм. Ким Чен Уныг хагалгаанд орж, бие нь хүнд байгааг нотлох ямар ч баттай баримт байхгүй байгааг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ордноос мэдэгдсэн юм.