Энэ оны 1 дүгээр сарын 11-нд Хятадын Уханьд коронавирусээр амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдснээс хойш өнөөдрийн байдлаар ковид-19 цар тахал дэлхийн 210 гаруй улс, газар нутагт тархаад байна.
Дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын нийт 2,8 сая тохиолдол бүртгэгдэж, 200,000 гаруй хүн энэхүү аймшигт халдвараар амиа алдаад байгааг Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаа харуулж байна.
Амиа алдагсдынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа АНУ 50 мянга гаруй хүнээ коронавирусээр алдаад байгаа юм. АНУ-ын дараа Итали, Испани улсууд хамгийн их хохирол амссан орнуудын тоонд бичигдэж байна.
Их Британийн эмнэлгүүдэд 20 мянга гаруй хүн ковид-19 халдвараар амиа алдаад байгааг тус улсын эрүүл мэндийн яамнаас бямба гарагт танилцуулсан юм. Харин гэртээ болон ахмадын асрах газруудад амиа алдсан хүмүүсийг энэ тоон баримтад хамруулаагүй юм байна.
Франц улсын хувьд зөвхөн бямба гарагт 369 хүн цар тахлаар амиа алдснаар нийт нас барсан хүний тоо 22,614-т хүрээд байна.