Манай хойд хөршид хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, гэмт хэрэг нэмэгдсэн байна. Тиймээс цар тахлын онц дэглэмийн үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалж, тэднийг аюулгүй байлгах түр хоргодох байраар хангахыг хүний эрхийг хамгаалагчид анхааруулж байгаа юм.
Энэ оны 3 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага өмнөх сартай харьцуулахад 24 хувиар нэмэгдсэн буюу нийт 2537 дуудлага ирсэн байна. Москвагийн “Китеж” хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах төвийн ачаалал хөл хорио тогтоосноос хойш 15 хувиар нэмэгджээ.
Мөн ажлаа алдаж, түрээсээ төлж чадахгүй болсны улмаас амьдрах газаргүй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 40 хувиар өссөн байна. Хорио цээрийн дэглэмийн үед үйлдэгдэж байгаа гэр бүлийн хүчирхийлэл улам хэрцгий болж байгааг хүний эрхийг хамгаалагчид хэлж байна.
Хүчирхийллийн хохирогчдод хөл хорио зөрчсөн хариуцлага тооцохгүй байх нь чухал байгааг мөн хэлж байгаа юм. Москва хотод хөл хориог зөрчиж зөвшөөрөлгүйгээр гадуур явсан хүнийг 4-5 мянган рублиэр торгож байгаа юм байна. Харин зайлшгүй өөрийгөө тусгаарлах ёстой сэжигтэй тохиолдолд хөл хорио зөрчвөл торгууль нь 15 мянга рублиэс эхлэх юм байна.