Манай хойд хөршид коронавирусний нөхцөл байдал улам бүр хүндэрч, халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байна. Зөвхөн өчигдөр буюу ням гарагт л гэхэд ОХУ-д халдварын 6361 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь тус улсад анхны тохиолдол бүртгэгдснээс хойш нэг өдрийн доторх хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.
Өчигдөр Санкт-Петербург хотод коронавирусээр халдварласан 2 дахь эмч амиа алдсан байна. Мөн Марийнскийн эмнэлгийн 50 орчим ажилтан коронавирусний халдвар авсан нь тогтоогдоод байна.
ОХУ-ын Москва болон Санкт-Петербург хотуудад өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Зөвхөн Москва хотод л гэхэд сүүлийн нэг хоногийн хугацаанд 31 өвчтөн ковид-19-өөр нас барснаар нийслэл хотод нь нас барсан нийт хүний тоо 435 болоод байна.
ОХУ-ын нийт 85 бүс нутагт вирус тархаад байгаа бөгөөд халдварын нийт 80,949 тохиолдол бүртгэгдэж, 747 хүн амиа алдаад байна.
Харин зөвхөн ням гарагт ОХУ-д 517 өвчтөн эдгэж эмнэлгээс гарснаар нийт эдгэсэн хүний тоо 6 мянга 700 орчимд хүрээд байна. Коронавирусээр өвдсөн болон сэжигтэй тохиолдлоор нийт 173 мянга гаруй хүн эмнэлэгт эмчлүүлж, эмнэлгийн хяналтад байгаа юм байна.