АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Умард Солонгосын удирдагч Ким Чен Унд юу тохиолдсоныг мэднэ гэдгээ сэтгүүлчдэд хэлсэн байна. Гэхдээ тэрээр Ким Чен Уны талаар мэдэж байгаа зүйлээ олон нийтэд дэлгэхгүй гэдгээ хэлж, цаг нь болохоор бүх зүйл тодорхой болно гэсэн байна.
Дональд Трамп Ким Чен Унтай найрсаг харилцаатай гэдгээ онцлоод, түүнд бүхий л сайн сайхныг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Хэрэв би Ерөнхийлөгч болоогүй бол манай хоёр улс өдийд дайны байдалтай байх байсан хэмээн Дональд Трамп хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Дональд Трамп, Ким Чен Ун нар 2018 оны 6 дугаар сард Сингапурт болсон АНУ-Умард Солонгосын хоорондох дээд хэмжээний уулзалтад анх уулзалдаж байсан юм. Дараа нь 2019 оны 2 дугаар сард хоёр улсын төрийн тэргүүнүүд Вьетнамын Ханой хотод 2 дахь удаагаа уулзалдсан юм.
Харин 3 дахь удаагаа өнгөрсөн оны 6 дугаар сарын 30-нд 2 Солонгосыг тусгаарладаг хилийн цэрэггүй бүсэд гэнэтийн уулзалт хийж байсан юм. Энэ уулзалтаар 2 улсын төрийн тэргүүнүүд эхлээд хилийн шугамын 2 талаас гар барьж мэндчилсний дараа Ким Чен Ун Дональд Трампыг Умард Солонгосын газар шороонд хөл тавихыг урьсан юм.
Энэ саналыг нь хүлээн авч Дональд Трамп хилийн зурвасыг давснаар Умард Солонгосын газар нутагт хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байсан билээ.