Дэлхийн хэмжээнд ковид-19 цар тахлаар 3 сая орчим хүн халдварлаад байна. Үүний гуравны нэг нь буюу нэг сая орчим тохиолдол нь АНУ-д дангаараа бүртгэгдээд байна.
1955-1975 оны хугацаанд Вьетнамын дайнд Америкийн 58,220 иргэн амиа алдаж байсан бол гуравхан сарын дотор тус улсад коронавирусээр амиа алдагсдийн тоо дайны үеийнхтэй ойртож 57000-д хүрээд байна.
Хэдий байдал хүнд, хохирлын хэмжээ өндөр байгаа ч Америкийн иргэд хөл хориог цуцлахыг шаардан жагсаал хийж, зарим мужуудад хорио цээрийн дэглэмийг сулруулаад байгаа юм.
Түүнчлэн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенс өчидөр Миннесотагийн эмнэлэгт зочилж нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцах үедээ эмнэлгийн дотоод журмыг үл тоон амны хаалт зүүгээгүй байна. Эмнэлгийн зүгээс түүнд амны хаалт зүүхийг сануулсан ч, тэрээр сануулгыг нь хүлээн аваагүй байна.
Майк Пенс цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлын хэсгийг ахалж байгаа юм. АНУ-ын засгийн газар олон нийтийн газар амны хаалт зүүхийг иргэдэд зөвлөж байгаа ч, Дэд Ерөнхийлөгч нь өөрөө амны хаалт зүүгээгүй нь шүүмжлэл дагуулаад байна.
Эх сурвалж: USA Today