Дэлхийн 2 дугаар дайны үеэр Польшийн өмнөд хэсгийг эзэлсэн Нацистуудын байгуулсан үхлийн лагерь болох Аушвицээс амьд үлдэж чадсан Бельгийн иргэн Хенри Кичка 94 насандаа таалал төгсчээ. Еврейчүүдийг үй олноор нь хоморголон устгасан холокостоос амьд үлдсэн сүүлчийн хүмүүсийн нэг байсан тэрээр коронавирусний халдвараар Брюссель хотын ахмадын асрах газарт амьсгал хураасан байна.
Тэрээр энэ оны 1 дүгээр сард ВВС-д ярилцлага өгч байсан юм. Түүнээс Освенцимийн хорих лагериас хэрхэн амьд үлдэж чадсан тухайг нь асуухад “Освенцимийн лагерьт хоригдох нь өөрөө үхэл юм” хэмээн хариулж байжээ.
Хенри Кичкагийн хүү Мишель Кичка эцгийнхээ дурсгалд зориулж фейсбүүкт бичсэн үгэндээ: “Нацистын бүх армийн авч чадаагүй зүйлийг өчүүхэн жижигхэн хэмжээтэй коронавирус аван одлоо. Миний аав аймшигт үхлээс амьд гарч чадсан ч, өнөөдөр түүний агуу амьдралын төгсгөл ирлээ” хэмээсэн байна.
Хенри Кичка 1926 онд Брюссель хотод Польш гаралтай еврей гэр бүлд мэндэлжээ. Дэлхийн 2 дугаар дайны үеэр Фашистууд Бельгийг эзлэх үеэр түүний гэр бүл олзлогдсон байна. Тэрээр аавтайгаа цуг биеийн хүчний хар ажил хийх хүмүүсийн эгнээнд хуваарилагдсан бол ээж, эмэгтэй дүү нар, авга эгч нь хийн шатаах зууханд хуваарилагдаж амиа алдсан байна.
/Хенри Кичка аав, ээж, дүү нарынхаа хамт/
Дайн дуусч үхлийн лагериас амьд үлдсэнийхээ дараа тэрээр гэрлэж 4 хүүхэд, 9 ач, зээ, 14 ачанцар, зээнцэртэй өнөр өтгөн гэр бүлийг бий болгожээ.
Хенри Кичка дэлхийн 2 дугаар дайн дууссаны 60 жилийн ойгоор хорих лагерьт өнгөрүүлсэн амьдралынхаа талаар дуртгал номоо хэвлүүлж байжээ.
Эх сурвалж: ВВС