Өнгөрсөн Мягмар гарагт Испанийн эрх баригчид ард иргэддээ хөл хорионоос аажмаар гарах 4 үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна.
Уг төлөвлөгөөний дагуу Испаничууд энгийн амьдралдаа зургадугаар сарын сүүлээр эргэн орохоор болжээ. Испанийн Засгийн газар гуравдугаар сарын дундуур хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс 14 наснаас доош настай хүүхдүүдэд 09:00 - 21:00 цагийн хооронд гэрийнхээ гадаа нэг километрийн тойрогт 1 цаг салхилах эрхийг олгосон байна.
Хөл хорионоос энгийн амьдралд шилжин орох төлөвлөгөөнд тусгагдсанаар зарим сургуулийн үйл ажиллагааг хоёр дахь үе шатад буюу тавдугаар сарын сүүлээс эхлүүлнэ. Гэхдээ Испанийн Хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу ихэнх сургуулийн танхимын сургалтыг есдүгээр сард эхлүүлэх зөвлөмжийг өгсөн тул Испанийн 8.2 сая оюутан, сурагчид үргэлжлүүлэн 5 сарын хугацаанд хөл хорионд байхаар байна.
Сургуулийн орчинд 1.5 метрийн зайг барих ямар ч боломжгүй учраас есдүгээр сараас сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ.