Коронавирусний эсрэг тогтоосон хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал АНУ-д улам бүр хүчээ авсаар байна. Өчигдөр Мичиган мужид жагсагчид галт зэвсэг барин, мужийн захиргааны байр луу дайран оржээ. Үүнтэй холбогдуулан зарим сенаторууд сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байна.
Жагсаалд олон зуун хүн оролцсон бөгөөд тэдний дунд буутай этгээдүүд цөөнгүй байсан талаар цагдаа нар мэдээлж байна. Жагсагчдын дийлэнх нь цар тахлын үеийн зөвлөмжийг үл ойшоон амны хаалтгүй байжээ. Мужийн захиргааны байр луу жагсагчдын төлөөлөгчдийг оруулахдаа цагдаа нар биеийн халууныг нь хэмжсэн байна.
Мичиган муж нь коронавируст хамгийн ихээр өртсөн мужуудын нэг юм. Тус мужид цар тахлаар нийт 3788 хүн амиа алдаж, халдварын 41000 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Жагсагчид хөл хориог сулруулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг 5 дугаар сарын 1-нээс сэргээхийг шаардаж байгаа юм. Коронавирус нь нийт ард түмний эрүүл мэндийн хямрал биш харин улс төрийн асуудал болон хувираад байгааг зарим гишүүд хэлж байгаа юм.
Эх сурвалж: ВВС