Цаг үеийн мэдээ

Эрүүл саруул, эсэн мэнд байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг өчигдөр буюу баасан гарагт шинээр баригдсан үйлдвэрийн нээлтэд оролцсон хэмээн улсынх нь төв хэвлэлээр мэдээлсэн байна.

Умард Солонгосын төв мэдээллийн агентлагийн дамжуулснаар Ким Чен Ун болон түүний эмэгтэй дүү Ким Ё Жон нар зарим өндөр албан тушаалтнуудын хамтаар Сунчхон хотод байгуулсан бордооны үйлдвэрийн нээлтэд оролцож, улаан тууз хайчилсан гэжээ. Нээлтийн үйл ажиллагааг харуулсан гэрэл зургийг Умард  Солонгосын хөдөлмөрийн намын сонинд нийтэлсэн байна.

Улсынхаа их удирдагчийг үйлдвэрийн ажилчид баяр хөөр болон “Ура” хэмээн нэгэн дуугаар угтан авсан хэмээн тус мэдээнд дурдсан байна.

Ким Чен Ун 4 дүгээр сарын 15-нд тохиосон БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч өвөөгийнхөө мэндэлсний 108 жилийн ойн баярт оролцоогүй явдал нь олон улсын анхаарлыг татаад байсан юм. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 12-нд улсынхаа төв телевизээр гарсан түүнийг зүрхний хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгаа хэмээн олон улсын хэвлэлээр бичиж байсан юм.

Эх сурвалж: CBSNews

Таны сурталчилгаа