Манай хойд хөрш ОХУ-д сүүлийн нэг хоногийн хугацаанд коронавируст халдварын 9623 тохиолдол шинээр бүртгэгдсэний 5358 тохиолдол нь Москвад бүртгэгджээ. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 124,054-т хүрсний тал хувь нь буюу 62658 тохиолдол нь дангаараа Москва орчимд бүртгэгдээд байна. Харин сүүлийн нэг өдрийн дотор 57 хүн амиа алдснаар нийт нас барсан хүний тоо 1222-т хүрсэн байна.
ОХУ-ын нийслэлд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх ёстой гэсэн зөвлөмжийг өмнө нь гаргаагүй байсан юм. Харин нөхцөл байдал хүндэрч, халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх ёстой гэсэн шийдвэрийг өчигдөр Москвагийн удирдлагууд гаргажээ. ОХУ өдөрт 40 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулж, түргэвчилсэн шинжилгээг өргөнөөр хийж байгаа юм.
Москва хотын иргэд 4 дүгээр сарын 15-наас хойш 3 төрлийн тусгай нэвтрэх зөвшөөрлөөр гадагш гарч байгаа юм. Үүнд ажилдаа явахдаа, эмнэлгээр үйлчлүүлэхдээ болон хүнсээ цуглуулах гэх мэт бусад зорилгоор гадагш гарахдаа заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой юм. Москва мужид гудамжинд амны хаалтгүй явж байгаа иргэдийг 5 дугаар сарын 12-ноос эхлэн 4 мянган рубль буюу 50 орчим ам.доллараар торгохоор болжээ.
Эх сурвалж: ВВС