ОХУ-д ням гарагт коронавируст халдварын 10633 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Харин өмнөх өдөр нь буюу зөвхөн бямба гарагт л гэхэд халдварын 9623 тохиолдол шинээр бүртгэгдэж байсан юм. Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 134,687-д хүрээд байна. Хэдийгээр халдварын тархалт өндөр байгаа ч, нас баралт нь АНУ, Испани, Италитай харьцуулахад бага байгаа юм.
Сүүлийн нэг өдөрт зөвхөн Москва хотод 35 хүн ковид-19 халдвараар нас барснаар нийслэл хотод нь амиа алдсан хүний тоо 764-т хүрсэн байна. Харин ОХУ-ын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1280 хүн цар тахлаар амиа алдаад байна.
Халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа нь иргэдийг шинжилгээнд өргөнөөөр хамруулж байгаатай холбон тайлбарлаж байгаа юм байна. Үүнээс гадна иргэдийн сахилга бат муу, хөл хориог зөрчих явдал их байгаа нь халдварын тархалтад нөлөөлж байгааг албаны хүмүүс хэлж байна.