Цаг үеийн мэдээ

Казахстанд 90 настай нэгэн ахмад дайчин ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан мөр зэрэгцэн тулалдаж явсан дайчин нөхдийнхөө дурсгалыг хүндэтгэхээр 5-р сарын 9-нд Алматы хот дахь мөнхийн галд цэцэг өргөхөөр очсон байна.

Гэвч коронавирусний хөл хориотой холбогдуулан түүнийг цэцэрлэгт хүрээлэн рүү нэвтрүүлж, цэцэг өргөхийг нь зөвшөөрөөгүй байна. Өөрийг нь дотогш нэвтрүүлээгүй албаны хүнд цэцгээ үлдээгээд гунигтайгаар буцсан энэ үйл явдлыг хөндлөнгийн хүмүүс бичлэг хийж цахим орчинд тавьсан нь шуугиан дэгдээжээ. Иргэд ахмад дайчинд хүндэтгэлгүй харьцсан энэ явдлыг хурцаар шүүмжилж, хаалттай цэцэрлэгт хүрээлэнд ганцхан хүнийг оруулаад гаргах нь хүнлэг үйлдэл байх байсан юм гэцгээж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан Алматы хотын удирдлагууд ахмад дайчны гэрт өөрсдийн биеэр очиж уучлал гуйн, ахмад дайчныг дагуулан дайнд амь үрэгдсэн хүмүүсийн  дурсгалд зориулсан мөнхийн галд очиж цэцэг өргөсөн байна.

Ялалтын баярын өдөр дайчин нөхдөө хүндэтгэхийг хүссэн ахмад дайчин нь 1930 онд мэндэлсэн Абдулов Иван Акимович байсан нь удалгүй олон нийтэд ил болжээ. Хүүхдийн асрамжийн газарт өссөн тэрээр дайн эхлэх үед найз нарынхаа хамтаар фронтод хүчин зүтгэсэн байна.

Тухайн үед дөнгөж өсвөр насны хүүхэд байсан ч эрэлхэг зоригтой байж өгсөн үүргийг сайн биелүүлж, эмч нарын хамт шархадсан хүмүүсийг дайны талбараас зөөдөг байсан байна. Тэрээр дөнгөж 13-хан настайдаа анхны медалиа авч, дэслэгч цол хүртэж байсан байна. Дайнд хоёр ч удаа шархадсан тэрээр өдгөө ганцаараа амьдардаг байна. Тэрээр хайртай эхнэр, 2 охин, нэг хүүгээ нэг дор бүгдийг нь авто ослоор алдсан юм байна.

Эх сурвалж: tengrinews

Таны сурталчилгаа