Өмнөд Америк тивд 298,150 хүн халдвар авч, 15400 хүн нас барсан байна. Ойрын өдрүүдэд Бразил улсад нийт 156061 шинэ халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Тус улсад халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа шалтгааны талаар Лос Анжелос таймс сонин болон Аль-Жазира телевиз дараах мэдээллийг өгсөн байна.
Коронавирусний халдвар түймэр мэт хурдацтай тархаж байгаа нь нэгдүгээрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ тааруу авч байгаа, хоёрдугаарт эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмжгүй, удаад нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагаас үүдэлтэй хэмээлээ.
Мөн одоо халдварын гол голомт нь Амазоны ширэнгэн ойд амьдарч байгаа иргэдийн дунд тархаж байгаа нь тэнд үндсэндээ эмнэлгийн үйлчилгээ байхгүйтэй адил гэжээ.
Судалгааны зарим байгууллагын хийсэн судалгаа тооцооллоор Европын улсуудад цар тахлын тархалт 8 дугаар сард намжина гэж тооцож байгаа бол Өмнөд Америкт 10 дугаар сараас нааш намжихгүй, арга хэмжээ авч чадахгүй бол халдварын тархалт олон сараар ч үргэлжилж болзошгүй гэжээ.