АНУ-ын зөн билэгтэн Силвиа Браун 12 жилийн өмнө буюу 2008 онд коронавирусний халдвар дэлхийд аюул дэгдээхийг зөгнөсөн талаар гадаадын зарим сайтаар шуугиж байна. Силвиа 2008 онд "Дэлхийн төгсгөлийн талаарх зөн таамаглалууд" нэртэй ном гаргасан бөгөөд уг номонд "2020 онд уушиг болон амьсгалын замд ноцтой хүндрэл өгөх халдварт өвчин дэлхий даяар тархана. Тэр өвчин гэнэт гарсан шигээ гэнэт л алга болно. Гэвч 10 жилийн дараа буюу 2030 онд дахин дэгдэж үүний дараа бүрмөсөн алга болно" гэж зөгнөж бичсэн байна.
Түүний номон дахь энэ хэсгийг Ким Кардашиан твиттертээ жиргэснээр Силвиагийн коронавирусний талаарх зөгнөл олонд тарсан юм. Силвиа нь АНУ-ын Миссури мужийн Канзас хотод 1936 онд мэндэлсэн бөгөөд 2013 онд нас барсан ажээ. Тэрээр 1992 онд хулгайн хэргээр ял авч байсан бөгөөд мөн алга болсон хүүхдүүд, хүмүүсийн талаарх түүний зарим таамаг нь / үхсэн гэх хүмүүс хожим амьд олдсон/ хожим зөрснөөс нэлээд шүүмжлэл авч байсан юм. Гэхдээ түүнийг шүүмжлэх хүмүүс олон байсан ч түүнийг шүтдэг биширдэг хүмүүс ч мөн дутахгүй олон байжээ.
Тэрээр Ларри Кингийн шоунд хүртэл оролцож явсан АНУ-ын алдартай зөн билэгтэн байв. Түүний Арнолд Шварцнеггер амбан захирагч болно, АНУ-д шуугиан тарьсан, бяцхан мисс Жон Бенет Рамсигийн хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй өнгөрнө, Мадонна өөр эрээс дахин нэг хүүхэдтэй болно зэрэг зөгнөлүүд нь биелж байжээ.