Афганистаны Гор мужид ядуу өрхүүдэд олгож байгаа талхыг шудрага бусаар хуваарилаж байгааг эсэргүүцсэн иргэд жагсаал хийж үймээн дэгдээсэн байна. Жагсагчид цагдаа нар луу чулуу шидэж, мужийн захирагчийн байр луу дайран орохыг оролдсон байна.
Энэ үеэр цагдаа нар гал нээсний улмаас 6 хүн амиа алдсаны 4 нь энгийн иргэн, 2 нь цагдаагийн албан хаагч юм байна. Мөн олон арван хүн шархаджээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон 300 гаруй хүний дунд галт зэвсэгтэй хүмүүс цөөнгүй байсан байна. Амиа алдсан хүмүүсийн дунд радиогийн хөтлөгч Ахмад Навид Хан толгойдоо буудуулан нас баржээ.
Коронавирусний хөл хорионоос болж Афганистанд олон мянган хүн ажилгүй болж, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Засгийн газар нь хямралын үед иргэдээ дэмжих зорилгоор ядуу өрхүүдэд талх тарааж эхэлсэн байна. Харин Афганистаны иргэд засгийн газраа талх тараахаас өөр хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаад буруутгаж байгаа юм.