Цаг үеийн мэдээ

 

      Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр “Олон улсын сувилагчдын өдөр". Дэлхийн дахины эрүүл мэндийн салбарт Сувилагч мэргэжил хамгийн үнэ цэнэтэй мэргэжлийн нэгт тооцогддог  билээ.

Тэгвэл уншигч та бүхэндээ энэ тэмдэглэлт өдрөөр Гэрэл зурагчин Альфред Эйзенштадтын “Таймс Сквер дэх Японыг ялсны баяр” нэртэй дээрх зургийг "сануулж" байна.  Дэлхийн II дайны үеийн хамгийн алдартай зургуудын нэг уг бүтээлд сувилагч бүсгүйг үнсэж буй усан цэргийн дүрс байдаг билээ.

1945 оны наймдугаар сарын 14-нд Нью-Йорк хотод ялалтын баярын үеэр авсан уг зураг долоо хоногийн дараа LIFE сэтгүүлд хэвлэгдэж, нүд ирмэхийн зуур ихэд алдаршжээ. Эйзенштадт хожим тэр зургийн талаар дурсахдаа “усан цэрэг таарсан бүсгүй бүрийг тэврэн авч, үнсэж байсан” хэмээн ярьсан байдаг.

Харин зураг дээрх гол баатрууд чухам хэн гээч болох нь хэдэн арван жилийн турш тодорхойгүй байж,  үнсүүлж буй сувилагч бүсгүйг өөрийгөө хэмээн зарласан олон ч тохиолдол гарч байв. Харин усан цэрэг эрийг шивээс болон сорвиор нь Жорж Мендонса гэгч болохыг тогтоосны дараа Жорж өөрийнхөө үнссэн бүсгүйг таньжээ.

            Тэр өдөр Жорж эхнэр Ритатайгаа кино үзэж суужээ. Гаднаас асар их чимээ шуугиан, баярын уухай сонсогдож, гудамжинд гартал хүн бүр баяр хөөрт автаж, ялалтын баяр тэмдэглэж байхыг харав. Сэтгэл хөөрсөн Жорж тааралдсан бүсгүй бүрийг барьж авч, үнсчээ. Зургаас түүний эхнэр Ритаг ч мөн олж харж болно.

Таны сурталчилгаа