Дархан-Уул аймгийн Онцгой Комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Дархан-Уул аймгийн шуурхай штаб хуралдаж дууслаа. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт шинээр 2 тохиолдол нэмэгдэж батлагдсан тохиолдлын тоо 13-т хүрсэн.
Бидний хамгийн том зорилго бол Төмөр замын ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд шинжилгээнд хамруулах явдал юм. Төмөр замын 1000 гаруй ажилтан, албан хаагчид, тэдний гэр бүлээс шинжилгээ авлаа.
Өнөөдөр аймгийн Онцгой Комисс "Хонгор" суманд ажилласан. Учир нь Хонгор сумын Салхит өртөө нь 500 өрхийн 1600 гаруй иргэн оршин суудаг газар. Үүнд төмөр замын 400 гаруй ажилчин ажилдаг. Тэдгээр иргэдээс 2 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс тэдний бүх ойрын хавьтлуудыг тогтоон шинжилгээ авч байна. Өнөөдөртөө багтааж дуусгана.
Дархан-Уул аймгийн иргэд бидний өгсөн үүрэг даалгаварыг маш сайн дагаж мөрдөж байна. Түлш, усны хангамж, эмийн хангамжийг иргэдэд хангалттай өгч байна.
Мөн өөр аймаг, хотод байгаа иргэдийг одоохондоо татаж авах боломжгүй байна. Нөхцөл байдал ямар байгаа билээ. Иргэд маань ойлгоосой гэж хүсэж байна. УОК шийдвэр гаргаагүй байхад бид шийдвэр гаргах боломж байхгүй. Маргааш эцсийн шинжилгээний хариу гарна. Улс орон даяар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс иргэд маань тайван хүлээцтэй хандах хэрэгтэй" гэлээ.