Корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэр, бүх ажилтнуудаа тандалтын шинжилгээнд хамруулах ажлыг өнөөдөр 15. 00 цагаас зохион байгуулж эхэллээ. Эхний ээлжинд үйлдвэрийн бүс дэх үйлдвэрлэл технологийн цехийн ажилчдыг хамруулах юм. Тухайлбал, өнөөдөр шөнийн ээлжний ажилчдыг 00 цаг буюу ажилдаа гарахаас өмнө шинжилгээний сорьцыг авахаар төлөвлөж, эхэлсэн байна. Тандалтын шинжилгээг Эрдэнэт сувиллын цогцолборын 12 эмч, ажилтны бүрэлдэхүүнтэй Шуурхай хариу авах арга хэмжээний багийнхан түргэвчилсэн оношлуураар хийж байгаа бөгөөд авсан сорьцоо цуглуулан хоёр цаг тутамд Медипас эмнэлэгт хүргэх юм. Эрдэнэт сувиллын цогцолбор дээр шинжилгээний багийнхнаас гадна үйлдвэрийн Гэрээд цагдаагийн хэлтэс, Дотоодын цэрэг, Онцгой байдлын газрын ажилтнууд ажиллаж, шинжилгээнд хамрагдахаар очсон ажилчдад хоорондын зай барих, эмх цэгцтэй байлгах зэрэг арга хэмжээг зохицуулж байна. Ажилчдыг хамруулахдаа хүн нэг бүрт цехийн холбогдох мэргэжилтнүүдээр дамжуулан цагийн хуваарийг хүргүүлж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулж байна.