Шинжлэх Ухааны ажилтны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Боловсрол Шинжлэх Ухааны Сайд Л.Цэдэвсүрэн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр
"Монгол Улсын хөгжлийн охь нь болсон шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаач, албан хаагч, ажилтан Та бүхэнд Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын шинжлэх ухаан технологийн салбарыг тасралтгүй шинэчлэн хөгжүүлэх талаар үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргаж үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн түүхтэй.
Монгол Улсын Засгийн газраас салбарын эрх зүйн орчныг сайжруулах, олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийн тогтолцоог хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхааран, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтийн түвшинг ахиулах, үр дүнг нэмэгдүүлэх, санхүүжилтыг нэмэгдүүлэх, улс орны хөгжлийн бодлого, стратегийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох, шинжлэх ухааны үр өгөөж, ач холбогдлыг дээшлүүлэх зорилтууд тусган хэрэгжүүлж байна.
Төрөөс үндэсний судалгааг дэмжихийн зэрэгцээ шинжлэх ухаан, инновацийн төвийн кластер, олон улсын стандартад нийцсэн нээлттэй, салбар дундын нэгдсэн лаборатори, судалгааны үндэсний төвүүдийг байгуулах, судалгааны их сургуулийн эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар шинжлэх ухаан, технологийн салбарын дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлуудыг хийсээр байна.
Эрдэмтэн судлаачдын судалгааны арга дээр тулгуурласан, судалгааны үр дүнгээр гарган авсан мэдлэг, технологи, инноваци, бүтээгдэхүүн Монгол Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөж байгаа нь бахархууштай.
Монгол оюун ухааны манлай, шинжлэх ухаанч соёлыг бүтээгч, нэвтрүүлэгч, түгээгч эрдэмтэн, судлаач, албан хаагч Та бүхэнд мэдлэг оюунаа дайчлан, зүрх сэтгэлээ зориулан, салбарын түүхийг бүтээлцэж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхан бүхний дээжийг ерөөл болгон өргөе.
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН" гэжээ.