Цаг үеийн мэдээ

Орхон аймгийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус аймагт КОВИД-19 халдварт өвчний 17 тохиолдол бүртгэгдсэн ба тэдний ойрын хавьтлын 297 хүүхдийг гэрийн тусгаарлалтад оруулжээ.

Батлагдсан тохиолдлуудын ихэнхи хувь нь цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүд юм.

Орхон аймгийн Онцгой комиссын дэргэдэх эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх Ц.Мөнхцэцэг​ "Орхон аймагт 297 хүүхэд тусгаарлалтад байгаа ба тэдний эхний шинжилгээ сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээг PCR-аар хийнэ. 

 Нийт 17 тохиолдол болох 4-58 насны хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэд шинж тэмдэггүй байх үедээ батлагдаж, одоогоор биеийн байдал хөнгөн байна. Халдвартай тохиолдлуудын ойрын хавьтлын 409 хүнийг хяналтад бүрэн авсан.

Үүнд 297 хүүхдийг гэрийн тусгаарлалтад, үлдсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах 5 байр, ХӨСҮТ-д гээд нийт 6 байранд ажиглаж байна. Анх хавьтал болсон өдрөөс хойш 13 дахь хоногийг тооцон шинжилгээг дахин авахаар төлөвлөж байгаа ба хуваарийн дагуу хүүхдүүдийн давтан шинжилгээг маргааш болон нөгөөдөр хийнэ.

Мөн хоёр дахь хавьтал болох 380 багшийн шинжилгээг түргэвчилсэн оношилгооны 12 цэгт өнөөдөр авна" гэлээ.

Таны сурталчилгаа