Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Шуурхай штабын ээлжит хурал болж, хэд хэдэн асуудлуудаар хэлэлцэж, аймгийн Засаг дарга холбогдох удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Улаанбаатарт "түгжигдсэн" орон нутгийн иргэдийг бүртгэж, шинжилгээнд хамруулаад орон нутаг руу нь буцаах,  ажлыг ойрын хугацаанд зохион байгуулна гэж өчигдөр мэдэгдсэн.Үүнтэй холбогдуулан аймгийн шуурхай штаб орон нутгийн иргэдээ татан авах бэлтгэл ажлыг хийж байна.

Тухайлбал, Аймгийн шуурхай штаб, сумдаас Улаанбаатар хотоос Хэнтий аймагт 3913, Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу 416 иргэн зорчих хүсэлт өгснийг нэгтгэн судалгаа гаргаж, нийслэлд мэдэгдсэн байна. Орон нутгийн иргэдээ татан авах, Улаанбаатар хотоос орон нутаг руу нэвтрүүлэх бэлтгэл бэлэн байдлыг эрчимжүүлэх, сайтар зохион байгуулахыг ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Хүрлээд даалган ажиллаж байна. Орон нутгийн иргэдийг буцаах, Улаанбаатар хотын иргэдийг татан авах Улсын онцгой комиссын шийдвэр гараагүй байна.

Улаанбаатар хот руу мах тээвэрлэх, Улаанбаатараас Хэнтий аймаг руу хүнс тээвэрлэх, тээврийн хэрэгсэл QR кодоор нэвтрэх болсонтой холбогдуулан зохион байгуулалт хийхийг Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэд даалгав. Өнөөдөр тус үүрэг даалгавартай холбогдуулан 14:00 цагаас ажлын хэсэг хуралдах гэж байна. 

Багануур дүүргийн Аягын гарам, Дивизийн гарам нэртэй газруудаар тус дүүргийн иргэд Цэнхэрмандал сумын Нугаар багт идэшний болон бусад зорилгоор зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн мэдээлэл нутгийн иргэдээс ирсэн тул зөвшөөрөлгүйгээр нэвтрэх байдлыг таслан зогсоох үүргийг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Батсайханд өглөө.

Аймгийн хэмжээнд 18 сум, таван тосгодын шалган нэвтрүүлэх хяналтын 83 постод 214 албан хаагч, нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн 19 чиглэлд 40 албан хаагч ажиллаж байна.  Аймгийн хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 06-22-ны өдрүүдэд 18 сум, 4 тосгоны эрүүл мэндийн төвүүдэд тандалт судалгааны асуумжийн дагуу 830 иргэнийг гэрийн ажиглалтад эрүүл мэндийн хяналт тавин ажиллаж байснаас 97 хүний 14 хоногийн хугацаа дуусаж, ажиглалтаас гарч, 21 хүн нэмэгдэж, 624 хүн ажиглалтад байна. Тэдэнд харьяа эрүүл мэндийн байгууллагаас нь хяналт тавин ажиллаж байна.

 

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

Таны сурталчилгаа