Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.
Энхсаран сувилалтай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудлын талаар Хуульзүйн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энхсаран сувилалтай холбоотой халдвар хамгааллын дэглэм алдсан, ямар хүмүүс хариуцаж ажиллаж байсныг тогтоох, нэг бүрчлэн шалгаж тодруулах албан тоот Шадар сайдаас ирсэн. Энийг хуулийн хүрээнд шалгах нь зүйтэй. Энэ бол журам зөрчсөн үйлдэл. Үүний дагуу Цагдаагийн ерөнхий газарт уг албан тоотыг өгч хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өргөдөл гомдол шалгах ажлын хүрээнд шалгалтын ажиллагаа явуулж материалжуулж байгаа.
Энхсаран сувилал дээр гаднаас эд зүйлс оруулдаг, хоорондоо дамжуулдаг ийм асуудлууд бас тогтоогдож байгаа. Мөн тусгаарлалтад байсан иргэд нийлж бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан зэрэг нь тодорхой болж байна" гэв.