Цаг үеийн мэдээ

Нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж,  зардаг байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн алба илрүүлэн баривчиллаа.  Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр : "ЭЦА-аас бүх нийтийн бэлэн байдал зарласан өдрүүдэд цахим мэдээллийн хэрэгслээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн таслан зогсоож ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Булган аймгийн цагдаагийн газартай хамтран цахим мэдээллийн хэрэгсэл буюу фэйсбүүк хуудсанд цахим ажил гэх хуурамч хаягнаас хөдөө орон нутгаас нийслэл хотод ирээд гацсан хүмүүс холбогдоно уу? гэсэн зарыг байршуулж залилах гэмт хэрэг үйлдэж байсан Б, У нарыг илрүүлэн таслан зогсоолоо. Тухайн этгээдүүд нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хуурамч бичиг баримт буюу нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэх, мөн буяны компанийн зөвшөөрөлтэй олгогддог бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байсныг олж тогтоолоо. Урьдчилсан байдлаар нийт 12 үйлдэл тогтоогдож байгаа. 1 иргэн тус бүрээс 250.000 төгрөг авч энэхүү хэргийг үйлдсэн гэж мэдүүлсэн. Уг гэмт хэргийг үйлдсэн Б,У нарт Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2-д зааснаар хуурамчаар бичг баримт үйлдсэн зэрэгт хариуцлага хүлээнэ. Уг хуулийн заалтад торгох болон нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хүндрүүлэх нөхцөл байдал буюу удаа дараа мөн бүлэглэж үйлдсэн бол 6-3 жил хүртлэх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Таны сурталчилгаа