Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин цар тахалтай тэмцэж буй хүнд үед Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өдөр тутмынхаа орлогоор амьдралаа залгуулдаг болон зорилтот бүлгийн нийт 7000 мянган өрхөд хүнсний тусламж олгох ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.
Айл өрхүүдэд түгээх ажлыг сумдын Шуурхай штабаар дамжуулан зохион байгуулах аж. Хүнсний тусламж авах нэн шаардлагатай өрхүүдийг судалгаанд хамруулах www.tuslamj.smartdarkhan.com цахим хуудсыг нээж, хоёр өдрийн турш иргэдээс хүсэлт авсан аж.
Мөн утсаар хандан хүсэлтээ өгсөн бөгөөд цахим хуудаст ирсэн нийт 5600 иргэн байна. Дархан сумын хувьд 1140 зорилтот өрх бүртгэгдсэнээс 560 өрхөд өнгөрсөн хугацаанд хүнсний тусламжийг хүргэжээ. Өрх давхардуулахгүйгээр хүнсний тусламжийг олгохоор зорьж байгаа гэдгийг аймаг, сумын онцгой комисс мэдэгдсэн юм.
“Хүнсний тусламж-7000 өрхөд" ажлын хүрээнд нэг өрхөд мах, гурил, будаа, гоймон, төмс, хүнсний ногоо, ургамлын тос, нэг удаагийн амны хаалт зэрэг 50.000 орчим төгрөгийн зүйл багтсан аж. Цаашид цар тахалтай тэмцэх ажилд тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаа хамруулах боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.