Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.25/ 11.00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Сэтгүүлч : Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж мэдээлсэн. Харим ЗТХЯ-наас энэ бол ташаа мэдээлэл гэв. Аль үнэн юм бэ?
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "ОХУ-ын иргэн Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд орсон нь үнэн. Гэхдээ тэр хүн бол Монгол улсад байнгын оршин суудаг иргэн. Би хойноос орж ирээд тэмцээнд орсон гэж хэлээгүй.
Бид төмөр замыг дагасан 200 гаруй хүнийг шинжилгээнд оруулсан. Үгийнхээ төгсгөлд энэ хүмүүсээс халдвар авах, тархах эрсдэл байхгүй гэж хэлсэн. Энэ хэцүү цагт бид бүхэн үнэн зөвийг ард иргэдэд түгээж, худал мэдээлэл тараахгүй байх ёстой. Бид бүхэн ард иргэдийнхээ сайн сайхны, амар тайван байдлын төлөө ажиллаж байна" гэв.