Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
АОК "Энэ сарын 19, 20, 21-нд батлагдсан 17 тохиолдлын 10 нь том хүн, 7 нь хүүхэд байна. Эдгээр иргэдийн ойрын хавьтал 409, дам хавьтал 4700 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлын 318 хүүхдэд БОЭТ-ийн вируслогийн лабораторид PCR шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарлаа.
Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ажиглан тусгаарлах зургаан байранд 149 иргэн байна. 11 дүгээр сарын 11-нээс хойш аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурт нийт 15372 иргэн хамрагджээ.
ХӨСҮТ болон Орхон аймгийн БОЭТ-ийн вируслогийн лабораторид 1025 сорьцыг PCR шинжилгээнд хамруулсан. Ингэснээр 11 дүгээр сарын 11-нээс хойш түргэвчилсэн болон PCR шинжилгээнд нийт 16696 хүн хамрагдлаа. Үүнээс 17 нь батлагдсан тохиолдол юм. Түргэвчилсэн оношлуурын 12 цэг ажиллаж байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Бугант суманд самарт яваад хөл хорионд ороод байсан Орхон аймгийн иргэдээ урьд шөнө татан авсан" гэлээ.
Нийт 4 иргэн Сэлэнгэ аймагт шинжилгээнд хамрагдаж Орхон аймагт ирээд 14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжсэн аж.
Орхон аймгаас Улаанбаатар хот болон бусад аймаг руу зорчих 1758, ирэх 3055 иргэн байгаа юм. Ирэх болон гарах бүх хүн шинжилгээнд хамрагдах юм байна.