Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавих тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  хүргүүлээд байгаа.

"Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна.

Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна" гэсэн юм. 

Тэгвэл энэ хоригийн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа: 

"Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ.   Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээ" хэмээн бичжээ. 

 

Таны сурталчилгаа