Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүн амын сантай хамтран зохион байгуулж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд Боловсрол, шинжлэх ухааны яам нэгдэн орж, холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэв.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс Монгол улсын жендэрийн талаар баримтлах бодлого, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон их дээд сургууль, дотуур байрны орчинд хүчирхийллийг таслан зогсоох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, улмаар түүнийг дагалдан гарах бусад хор уршгийг арилгах зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулсаар ирсэн.БШУЯ-аас 2018 онд “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь Хүүхэд хамгааллын бодлого” баталсан. Бодлого батлагдсанаар боловсролын байгууллагын сургалтын орчин, сургууль болон дотуур байранд суралцагч бүрийг хүчирхийлэл, эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдний аюулгүй байдлыг хангах; хүчирхийлэл, эрсдэлд өртсөн, өртөж болзошгүй талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн бол мэдээллийг хүлээн авах, сургууль болон дотуур байрын орчин, нөхцөл нь суралцагч, мэдээлэгчид ээлтэй, тэдэнд хор хөнөөл учруулахгүй байх; болзошгүй эрсдэлд хариу үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хянах, үнэлэхэд оролцогч талуудын тэгш, идэвхтэй хамтын ажиллагаа, оролцоог эрхэмлэх; хүүхдийг тэдний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцуулахгүй байх зэрэг зохицуулалтууд хийгдлээ.
2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын нийт ерөнхий боловсролын сургуулиуд хүүхэд хамгааллын сургуулийн бодлогоо өөрийн онцлогт нийцүүлэн хамт олноороо хэлэлцүүлэн баталж, хэрэгжүүлж байна.
“Боловсролын байгууллагын сургалтын орчин, дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх” журмыг баталж хэрэгжүүлснээр боловсролын байгууллагын удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүү, хяналт шинжилгээ үнэлгээнд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тусгайлан авч хэрэгжүүлдэг болсон.
Түүнчлэн “Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдэд суурь боловсролын үйлчилгээ үзүүлэх” журмаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалж, суурь боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамруулах, завсардуулалгүй сургах, сургууль хамт олны дунд нийгэмшүүлэх, дасан зохицох, хүчирхийллийг даван туулж, хэвийн байдалд эргэн орох хүртэлх үйл явцыг зохицуулж байна.
Сургалтын төлөвлөгөөнд “Эрүүл мэндийн хичээл”-ийг дахин оруулж, “Аюулгүй амьдрах ухаан”-ы сургалтын хөтөлбөрийг баталснаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид аюулгүй байдлаа хангах аргад суралцах, ахуй амьдралдаа хэрэгжүүлж хэвших, болзошгүй осол, аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалах аргад суралцах боломж бүрдэж байна.
“Жендэрийн тэгш байдлыг хангахад саад болж буй хэвшмэл ойлголтыг өөрчлөх үйл явцыг манлайлах” зорилтыг хэрэгжүүлэхэд удирдах албан тушаалтан, албан хаагч нэг бүрийн оролцоо чухал. Жендэрийн мэдрэмжтэй төсөв, төлөвлөгөө боловсруулах дэд ажлын хэсгийг байгууллаа. Төсвийн төвлөрүүлэн захирагчаас Төсвийн ерөнхийлөн захирагч нартай байгуулах үр дүнгийн гэрээ болон яамны Хөдөлмөрийн дотоод журамдаа холбогдох заалтыг тусган шинэчлэн боловсруулж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, хувь хүн бүр “Гэр бүлдээ эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, аливааг тэвчиж, эвээр зохицуулах, хүүхдээ хайрлаж, хүндлэх тал дээр манлайлан ажиллацгаая!” гэв.