Улс тунхагласан баярын өдөр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны газрын дарга Нарантуяа нар ЭХЭМҮТ-д ажиллаж, цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд хийгдэж буй ажлуудын явцтай танилцаж, эрүүл мэндийн тусламжийн зарим асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.
1. ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 40 ортой "Амьсгалын Эрхтний Эмгэг Судлалын Тасаг"-ийг 65 ортой болгон, иж бүрэн засвар хийгдсэн байна.
Хүч нэмэгдүүлэн ажиллахад 80 өвчтөн хэвтүүлэн эмчлэх боломжтой болжээ.
Тасагт агааржуулалтын систем суурилагдсан нь амьсгалын өвчин эмгэгийг эмчлэхэд нэн чухал нөхцлийг хангасан байна.
Мөн түүнчлэн өвчтөний ор, олон үйлдэлт ор, шүүгээ зэрэг шаардлагатай тавилга хэрэгслээр хангав.
Тасгийн үйл ажиллагааг ирэх 7 хоногт эхлүүлэхээр болов.
2. ЭХЭМҮТ-д PCR шинжилгээ хийж эхлэх боломжийн талаар ярилцав.
Нян болон вирусийн шинжилгээг хийх био-аюулгүй байдлын өндөр шаардлагыг хангасан лаборатори байгуулахад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэв.
3. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр төвийн үйл ажиллагааг танилцуулж, цаашид тус төвийн зарим тасаг нэгжид жишиг засвар тохижилтийн ажлыг үргэлжлүүлэн хийх; Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах; Хүүхдийн зөвлөх поликлиникийг өргөтгөх хэрэгцээ шаардлагыг танилцуулж, санал солилцов.
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан төвийн зүгээс тавьсан санал хүсэлтийг бүрэн дэмжин ажиллах, ялангуяа, хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөлийг богино хугацаанд хийх боломжтой гэсэн сайхан мэдээг дуулгав.
4. ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хүүхдийн Цусны эмгэг - хавдар судлалын тасгийн үйл ажиллагаатай танилцав.
Хүүхдийн хавдрын тусламжийг 2030 он хүртэл хөгжүүлэх чиглэлийн талаар санал солилцов. Мөн ирэх сард ДЭМБ-тай хамтран Монгол улсад хүүхдийн хавдрын тусламжийг ирэх 10 жилд хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлох өндөр түвшний зөвлөлдөх уулзалтыг ЭМ-ийн сайдын ивээл дор зохион байгуулахаар болов.
ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангах, хүүхдийн хавдрын тусламжийн чанар хүртээмжийг сайжруулах, хөгжүүлэхэд манлайлан ажиллахыг ЭХЭМҮТ-ийн хамт олонд сануулж, үүрэг болгов.