Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага (ДСБББ)-ын Удирдах Зөвлөлийн хуралдаанд холбооны гишүүн 53 орны төлөөлөгчид 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр оролцож, Монголын Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоог бүрэн саналын эрхтэй гишүүнээр элсүүлэхийг 97 хувийн саналаар дэмжлээ.
Хуралдаанаар ДСБББ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох, гишүүнээр элсүүлэх улс орнуудын асуудлыг хэлэлцэв. Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага нь 1968 онд байгуулагдсан ашгийн бус, аль нэг улсын Засгийн газарт хамаардаггүй, үндэсний болон бүс нутгийн сав баглаа боодлын хүрээлэн, холбоод болон бусад хамааралтай корпорациуд, худалдааны холбоодыг нэгтгэсэн байгууллага юм.
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын Хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” сэдэвт олон улсын VI модуль сургалтыг 2019 оны 08 дугаар сарын 27, 29-ний өдөр зохион байгуулсан юм. Энэхүү сургалтын үеэр Дэлхийн сав баглаа боодлын холбооны гишүүн болох асуудлыг хөндөн ярилцсан нь ийнхүү биелэлээ оллоо.