Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын эрүүгийн хэргийн шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020.11.12-нд товлогдсон. Гэвч улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг хойшлуулж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдсэн. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэл тогтоолтой шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням  нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдахаар болжээ.

 

Ерөнхий сайд асан С.Баяр, "Петровис трейдинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 22-ноос 23-нд хянан хэлэлцээд, Ерөнхий сайд асан С.Баярт таван жилийн хорих ял, Ч.Даваанямд хоёр жил хорих ял оноосон билээ. Мөн С.Баяраас таван тэрбум 580 сая төгрөг, Ч.Даваанямаас таван тэрбум 766 сая төгрөгийн эд хөрөнгө хураан авч, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн билээ. 

С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2009 оны аравдугаар сарын 6-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 308 дугаартай тогтоолоор стратегийн орд болох Оюутолгой төслийн хүрээнд Айвенхоу Майнз Монголия Инк, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компаниудтай хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгож, мөн өндөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр таван жилийн хорих  ял оноосон.

Харин Ч.Даваанямыг Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан гэх үндэслэлээр хоёр жилийн хорих ял оноосон билээ

Таны сурталчилгаа