УОК-ын хуралдаан Төрийн ордонд 11.00 цагаас эхэлжээ. Үргэлжлүүлэн 14.00 цагаас Засгийн газрын хуралдаан болох юм.
Энэ удаагийн хурлуудаар бүх нийтийн гамшгийн бэлэн байдлын хугацааг сунгах, эсэхийг хэлэлцэнэ. Засгийн газрын тогтоолд тусгаснаар ирэх сарын 1-ний өдрийн 06.00 хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үйлчилнэ.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 181
БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2 дахь заалт, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай.
2. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан салбар дундын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт олгосугай.
3. Их, дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд зөвшөөрсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын 1 дэх заалтын “11 дүгээр сарын 17-ны” гэснийг “12 дугаар сарын 01-ний” гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР