Цаг үеийн мэдээ

Нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцох QR кодыг хязгаарлалтад багтаагүй 13 чиг үүргийн байгууллагын ажилчин, алба хаагчдын хувийн автомашинд тоон хязгаартай олгох ажил маргаашнаас эхэлнэ хэмээн ЗХТЗИГ-ын дарга, НОК-ын гишүүн С.Энхтөр өнөөдөр мэдээлэв. 

Хязгаарлалтад багтаагүй 13 чиглэлийн салбарын ажилтан, албан хаагчид хувийн унаагаар зорчих хүсэлт ихээр ирүүлж байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа худалдаа, түгээлт эрхэлдэг, бараа татдаг автомашинд иргэд зөвшөөрөл хүсэж байгаа тул тоон хязгаар тогтоож QR код олгохоор төлөвлөж буйг мэдээллийн үеэр дурдлаа. 

Хязгаарлалтад багтаагүй 13 чиг үүргийн албан хаагч болон хувирараа хүнсний үйлдвэрлэл, түгээлт эрхэлдэг иргэн харьяа дүүргийнхээ ЗДТГ-т хүсэлтээ өгөх аж. Үүний дараа тухайн хүсэлтүүдийг нийслэлийн Захирагчийн ажлын албанд нэгтгээд НОК-ын Замын хөдөлгөөн зохицуулах багт шилжүүлснээр зөвшөөрөл олгоно гэдгийг тодотголоо. 

Тэрбээр, "Урьдчилан төлөвлөөгүй буюу хүний бие өвдөх, бэртэл авах зэргээр эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлага гардаг. Тухайн үед QR код аваагүй тээврийн хэрэгслийг хяналт шалгалт хийж буй цагдаа нар хөдөлгөөнд саадгүй оролцуулна" гэлээ. Түүнчлэн байнгын тогтмол цагаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг, эмнэлгийн аппаратад ордог зэрэг хүн тухайн эмнэлгийнхээ бичиг, цагийн хуваарийг үзүүлж хөдөлгөөнд оролцох эрхтэй гэдгийг тайлбарлав. 

Бүх нийтийн бэлэн байлын зэрэгт шилжсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамжаар үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын хуулийн этгээдийн албаны автомашинд хөдөлгөөнд оролцох QR код олгосон. Өнөөдрийн байдлар, нийт 22 357 тээврийн хэрэгсэл QR код авсан байна.  Өчигдөр гэхэд л 2741 тээврийн хэрэгсэлд QR код олгожээ. Үүнээс хүнсний үйлдвэрлэл, түгээлтэд хамгийн их буюу 10 250 ширхэг QR код олгосон байна. 

Улаанбаатар хотод хөдөлгөөний эрч сийрэг буюу 35-40 км/ц хүрчээ. Мөн цас их орж зам хальтиргаа гулгаатай байгаагаас зам тээврийн ноцтой осол, зөрчил гарч байгаа тул QR код авч хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг анхаарал болгоомжтой байхыг анхааруулав.

Таны сурталчилгаа