Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд  өчигдрөөс эхлэн 30 цэг дээр “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авах ажлыг зохион байгуулж эхэлсэн.  Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл 70 мянган иргэнээс авах юм.

Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс нэг хүн сонгох хэлбэрээр жагсаалтаа гаргажээ.

Өөрөөр хэлбэл, олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Улмаар жагсаалтад багтсан иргэдэд  шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэх бөгөөд шинжилгээний хариу сэжигтэй гарвал PCR шинжилгээгээр баталгаажуулах юм.

Түүнчлэн шинжилгээнд орохын өмнөх хоёр цагийн турш бохь зажлахгүй, тамхи татахгүй, юм идэж уухгүй байх, мөн  шинжилгээ өгөхийн өмнө хамрын хөндийгөө цэвэрлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа