Токиогийн олимпын наадмын нээлтэд зургаан мянга орчим тамирчин оролцоно гэж Олон улсын олимпын хороо тооцоолж байна.
Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд 200 орны 11 мянга орчим тамирчныг оролцуулахаар төлөвлөж байсан хэдий ч коронавирусний цар тахал дэгдсэний улмаас оролцогчдын тоог багасгах шийдвэр гаргасан юм. Наадмыг зохион байгуулагчдын хувьд нээлтийн ёслолын үеэр хүлээх бүсэд нэг дор олон хүн бөөгнөрүүлэхээс зайлсхийхийг гол зорилгоо болгож байгаа юм.
Токиогийн олимпын наадам 2020 он 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 9-ний хооронд зохион байгуулагдах ёстой байсан ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ. Наадам энэ жилийн 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд зохион байгуулагдахаар болсон ч “Токио-2020” нэрийг хэвээр нь үлдээжээ.