Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Дорнод аймагт тусгаарлах байранд албадан тусгаарлалаа.
Улсын Онцгой комиссын зөвшөөрснөөр аймгийн Онцгой комисс зохион байгуулж Улаанбаатар хотоос нийт 160 иргэн 4 автобусаар /2021.01.24/ өнөөдөр Чойбалсан хотод ирсэн. Өндөр эрсдэлтэй энэ цаг үед Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу гэрт нь 7-14 хоногийн хугацаатайгаар тусгаарлан ажиглана. Өнөөдөр ирсэн иргэдээс Хэрлэн сумын 2 дугаар багийн хоёр иргэн гэрийн тусгаарлалтын дэглэм зөрчиж зөрчил гаргасныг хяналт тавьж буй ажлын хэсэг мэдэгдсэнээр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тусгаарлах байранд албадан тусгаарлаж байна. Албадан тусгаарлалтад байх хугацааны зардлыг эдгээр иргэдээс өөрсдөөс гаргуулах бөгөөд Монгол Улсын гамшгийн тухай хууль, зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцох юм.
Иймд Нийслэлээс татан авалтаар ирсэн иргэд болон гэр бүлийн гишүүд 7-14 хоногийн хугацаанд гэрээсээ гарахгүй, гэртээ зочин урихгүй байх мөн өөрийгөө ажиглан, 7 дахь хоногтоо давтан шинжилгээндээ заавал хамрагдахыг аймгийн Онцгой комиссоос АНХААРУУЛЖ байна.