Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр химийн бодис асгарсан тухай дуудлагыг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 16:28 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5 алба хаагч, Төмөр замын ачаа тээврийн 3 ажилтан, Байгаль орчны газрын 1 байцаагч, нийт 25 хүн, 7 автомашинтай 16:29 цагт очиход “Калийн хлорид” асгарсан байжээ.

Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617,5 кг “Калийн хлорид”-ыг 15 шуудайд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар ажилтан Н.Ганцэцэгт хүлээлгэн өгсөн байна.

Бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийж, 3 цаг ажилласан. Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: ОБЕГ