Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолын хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний талаар ЭМДЕГ-аас өнөөдөр /02.26/ мэдээлэл өглөө.

Урьд нь хэвтүүлэн эмчлэх суурь тариф 400 мянган төгрөг байсан бол ирэх гуравдугаар сарын 1-нээс 850 мянган төгрөг болж шинэчилсэн бөгөөд 300 оношны хүрээнд хэвтэн эмчлүүлдэг байсан бол 190-ээр нэмэгдэж, 490 болсон. Үүнээс 182 нь төлбөргүй буюу Эрүүл мэндийн даатгалаас 100 хувь төлөгдөнө гэсэн үг.

Шинэчилсэн тогтоолоор даатгуулагчийг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах, санхүүгийн дарамтыг багасгах зорилготой. Өмнө нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж олгоход ЭМД-ын сангаас санхүүжилт олгодоггүй байсан.

Зөвхөн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг л санхүүжүүлдэг байсан бол шинэ тогтоолын хүрээнд даатгалын байгууллагатай хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний гэрээ байгуулсан бол хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ЭМД-ын сангаас санхүүжилт олгохоор болсон байна.

ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан хувийн эмнэлгээс даатгалаараа үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ авах боломжтой гэнэ.

Гэхдээ гэрээтэй хувийн эмнэлэгт үзүүлэхээр бол анхан шатны Өрхийн эмнэлгээсээ 13 маягт авч тусламж, үйлчилгээ авч болох ажээ.

Тархины шигдээс, харвалт, зүрхний шигдээс, төрөлхийн гаж хөгжлүүд, хоол боловсруулах тогтолцооны бусад эмгэгүүд, гэмтлийн гаралтай үлдцүүд, түлэгдэлт, осголт, хөлдөлт, төрөх, нярай, сэтгэцийн эмгэгүүд 100 хувь үнэ төлбөргүй тусламж, үйлчилгээг гуравдугаар сарын 1-нээс авах юм.

Нэг том зарчмын өөрчлөлт нь хорт хавдрын үеийн тусламж үйлчилгээг 100 хувь ЭМД-ын сангаас санхүүжүүлэхээр болж байгаа аж. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгахтай холбоотой нийт зардал 113 сая 628 мянган төгрөгөөс даатгалын сангаас 85 сая 221 мянган төгрөгийг төлөөд иргэн та 28 сая 407 мянган төгрөг төлөх боломжтой.  

Хүүхдийн шүдний эмчилгээний зардал нэмэгдсэн. Нэг шүдний бүх эмчилгээний зардал 45 мянган төгрөгт багтаж байгаа. Нийт гурав хүртэлх буюу 135 мянган төгрөгийг даатгалаас гаргах бол үүнээс дээш шүдний төлбөрийг иргэн та өөрөө хариуцах юм.